Санал тоолох төхөөрөмж нэмж авахад 15 тэрбумыг зарцуулна
Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуульд зориулж, 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Сонгуулийн ерөнхий хороонд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зориулж тусгасан” гэв.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “2024 оны сонгуулийн талаар урьдчилсан тооцоолол гаргаж үзэхэд сонгогчийн тоо нэлээд өснө. Хэсгийн хороодын тоо ч нэмэгдэнэ. Хэсгийн хороо нэмэгдэнэ гэдэг нь сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Мөн сонгогчийн тоо их байвал төхөөрөмжийг хосоор нь тавьж ажиллуулдаг. Эдгээрийг тооцож үзэхэд төхөөрөмж дутахаар байна. Иймд төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж нэмж худалдан авснаар тооцоолсон хэмжээнд ажиллана гэж үзсэн. 500 төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, дүн дамжуулах төхөөрөмж зэрэгтэйгээ нийлээд 15 тэрбум төгрөгийн төсвийг урьдчилсан байдлаар тавьсан” гэлээ.