Есөн настай теннисчин Э.Аялгуу: Медаль авах үед өөрөөрөө бахархаад бас уйлах гээд байдаг
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ. Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгийн тамирчид нээлттэй оролцож байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүд тодорлоо.
Энэ үеэр Ширээний теннисний тамирчин Э.Аялгуу “Би одоо есөн настай. Энэ спортоор хичээллээд жил гаран болж байна. Аав маань ширээний теннис тоглох дуртай болохоор анх зааж өгч байсан. Долоо хоногт таван удаа, өдөрт дөрвөн цагаар бэлтгэлээ хийдэг. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч медаль авч чадаагүй. Шар хөдлөөд жаахан уйлсан. Гэхдээ энэ жил 10 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөл болон багийн төрөлд алт авсан. Медаль авах үед өөрөөрөө бахархаад бас л уйлах гээд байдаг. Энэ спортоор хичээллээд ижил сонирхолтой олон найзтай болж байгаадаа баярладаг. Том болоод олимпын наадамд оролцмоор байна” гэсэн юм.