О.Цогтгэрэл: 2023 он дуустал нүүрсээ ихээр гаргаж, цалин тэтгэвэр нэмнэ гэдэг эрсдэлтэй
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.
Тэрбээр “АН-ын бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ.
Нэгт, Төсвийн тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ ямар эх үүсвэрээр нэмж байна вэ, орлого нь баталгаатай юу гэдэг эргэлзээтэй байгаа. Нүүрсний борлуулалт эхний хагас жилд харьцангүй сайн байгаа ч нүүрсний үнэ олон улсын бирж дээр сүүлийн найман сард тогтвортой унасан. Тухайлбал улсын төсөвт нэг тонн нүүрсийг 140 ам.доллароор тусгасан ч одоогийн байдлаар 120 ам.доллар болсон байна.
Тэгэхээр 2023 он дуустал нүүрсээ ихээр гаргаж, цалин тэтгэвэр нэмнэ гэдэг эрсдэлтэй. Нөгөөтээгүүр үнэ ханшийн өсөлт, инфляцын түвшнээс үүдэн худалдан авах чадварын доройтол үүсвэл яах вэ. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан Намын гишүүд энэ долоо хоногт 2023 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр байр сууриа илэрхийлнэ.
Хоёрт, КОВИД-19-ийн үеийн төсвийн зарцуулалтын ил тод байдал хаана байна вэ. Тухайн үед манай улсад олон улсын тусламжийн байгууллагын хандив, “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК зэргээс өгсөн мөнгө хэр их вэ гэдэг нь тодорхойгүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа, үйлчилгээг шууд худалдаж авч байсан юм. Тиймээс Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу КОВИД-19-ийн үеийн төсвийн зарцуулалтаар нээлттэй сонсгол явуулах хүсэлтээ АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өгнө.
Мөн эрх баригчдын зүгээс бүх зүйл нээлттэй байх ёстой гэдэг ч нүүрсний хэргийн сонсгол хаачив. Тиймээс АН-ын бүлгээс нүүрсний сонсголоо яаралтай явуулаач гэх шаардлагыг хүргүүлнэ” гэлээ.