Газ үнэрлэсэн залууст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно
Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ТҮЦ-нд газ дэлбэрч хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээллийг шалгахад С нарын 21-37 насны 5 хүн нүүр, гар, цээжин хэсэгтээ түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлэгийн тусламж авсан, биеийн байдал хэвийн байжээ. Одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.
Энэ төрлийн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг хууль тогтоомжид дараах байдлаар тусгажээ. Зөрчлийн тухай хуульд 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ. Иймд
1. Аж ахуйн нэгжүүд ахуйн хэрэглээнд хэрэглэх заавар бүхий савалгаатай шингэрүүлсэн шатдаг хий /гази/-г 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх
2. Энэ төрлийн хий нь хүний төв мэдрэлийн системд гэмтэл учруулах, улмаар амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг гэдгийг үргэлж анхаарах
3. Зориулалт бусаар бусад зүйлд ашиглахгүй байх, хэт халуун, бүгчим орчинд дэлбэрэх аюултайг санаж, хүйтэн сэрүүн орчинд нарны гэрлээс хол хадгалах, битүүмжлэлийг шалгаж байх
4. Эцэг, эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ тавих хяналт сайжруулах, таны хүүхэд зөв төлөвшил, зөв хүмүүжил, боловсролдоо анхаарахын оронд найз нөхөд, бусдын ятгалгад автан энэ төрлийн донтох эмгэгт өртөж байгаа юм биз, та хүүхдээ үл хайхарч ганцаардуулж, сэтгэл санааны хямралд оруулж, хорт зуршил хэрэглэх нөхцөл бүрдүүлж байгаа юм биш биз гэдэгт цаг ямагт анхаарч байх талаар ЦЕГ-аас зөвлөж байна.