Шабан Доан: Турк болон Монгол Улсын их, дээд сургуулиудын хамтарсан дипломтой магистр, докторын хөтөлбөрүүд бий болгоно

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүмүүнлэг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал А.Энхбат “Aлтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгийг чиглүүлэв.

Энэ үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Хэл бичгийн ухааны доктор, профессор Шабан Доан илтгэл танилцуулсан юм. Тэрбээр Измир Катип Челеби их сургуулийн Монгол дахь үйл ажиллагаа, судалгаануудын талаар мэдээлэл өгч, ирээдүйн хамтын ажиллагааны талаар танилцуулав. Алтайн хэлний язгуурын онолын талаар дурдаад Монгол Улсын Их Сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль (ИКЧИС) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Түрэг судлалын хүрээлэнгийн талаар мэдээлэл танилцууллаа.

 Турк, Монголын харилцааг эрдэм шинжилгээний салбарт бэхжүүлэх, бүх салбарын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааны суурийг тавих, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон Турк, Монгол эрдэмтдийн харилцан шинжлэх ухаан эрдэм шинжилгээний айлчлал хийх орчныг бүрдүүлэх зорилгоор Түрэг судлалын хүрээлэнг 2019 онд байгуулжээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Түрэг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаа, хоёр улсын эрдэм шинжилгээ, их сургуулиудын хамтын ажиллагаа болон хээрийн шинжилгээний хамтарсан судалгаа, тэдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Цаашид Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудын хамтарсан дипломтой магистр, докторын хөтөлбөрүүд бий болгохоор төлөвлөж, бэлтгэл ажлуудыг хангаад байгааг мөн дуулгасан.

Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн ахлах багш, Түүхийн ухааны доктор Д.Анхбаяр, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Айнур Айдин, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбулын их сургуулийн Түүхийн тэнхимийн гишүүн, Түүхийн ухааны доктор, профессор Куршат Илдирим нар илтгэлүүд танилцуулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *