13-64 насны хүн бүр ДОХ-ын үүсгэгч ХДХВ-г илрүүлэх цусны шинжилгээнд хамрагдах ёстой

Хэрэв танд БЗХӨ-ий шинж тэмдэг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байвал мэргэжлийн эмчид хандан лабораторийн шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах хэрэгтэй.
Шинж тэмдэг илрээгүй хүнд лабораторийн шинжилгээ хийхийг эрт илрүүлэг гэж нэрлэдэг. Дараах тохиолдлуудад БЗДХ-ын эрт илрүүлэгт ХАМРАГДАНА:
Хүн бүр. 13-64 насны хүн бүр ДОХ-ын үүсгэгч ХДХВ-г илрүүлэх цусны шинжилгээнд хамрагдах ёстой. Ихэнх улс орнуудад уг шинжилгээг нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөртөө оруулсан байдаг.
Жирэмсэн эмэгтэйчүүд. ДОХ, тэмбүүгийн шинжилгээг жирэмсэн эмэгтэй бүр жирэмсний хяналтанд анх орсон үедээ заавал хийлгэх ёстой. Мөн жирэмсний сүүлийн 3 сард давтан хийдэг. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд хламид, заг хүйтэн, гепатит В,С-ийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
25-аас доош насны эмэгтэйчүүд. Бэлгийн идэвхтэй амьдралтай, 25-аас доош насны эмэгтэйчүүд хламидын халдварын илрүүлэг шинжилгээнд хамрагдвал зохино. Хламидын шинжилгээг үтрээнээс сорьц авч шинжилнэ. Хэрэв шинжилгээгээр хламидын халдвар илэрч, эмчилгээ хийлгэсэн бол 3 сарын дараа шинжилгээг давтана.
Ижил хүйстэн эрэгтэйчүүд. Бусадтай харьцуулахад ижил хүйстэн буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд БЗДХ авах эрсдэл харьцангуй өндөр байдаг. Иймд ихэнх улс орнуудад эрсдэл бүлгийн эрэгтэйчүүдийг БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд тогтмол, ойрхон хамруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд ХДХВ, тэмбүү, хламид, заг хүйтэн зэрэг БЗДХ-ын илрүүлгийг чухалчилдаг. Гепатит В-ийн халдвар илрүүлэх шинжилгээ мөн шаардлагатай.
ХДХВ-ийн халдвартай хүмүүс. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс бусад БЗДХ авах өндөр эрсдэлтэй. ХДХВ-ийн халдвар илэрсэн хүмүүст нэн даруй тэмбүү, заг хүйтэн, хламид, херпесийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх шаардлагатай. Мөн гепатит С-ийн шинжилгээнд хамруулна.
Бэлгийн шинэ хамтрагчтай болох. Шинээр дотно харилцаа үүсгэсэн тохиолдолд бэлгийн хавьталд анх орохын өмнө БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд хоёулаа хамрагдах нь зүйтэй. Хэдийгээр эрэгтэйчүүд Хүний хөхөнцөр вирусийн тээгч болдог ч, эрэгтэйчүүдэд ХХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ одоогоор байхгүй. Мөн эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүст зориулсан бэлгийн херпес вирус илрүүлэх найдвартай шинжилгээ хараахан бий болоогүй байна. Иймд зарим халдварыг зөвхөн шинж тэмдэг илэртэл оношлох боломжгүй байх талтай.
БЗДХ-тай ч шинжилгээгээр сөрөг хариу гарах тохиолдол нь өмнө нь БЗДХ аваад удаагүй байсан үед гарч болохыг анхаарна уу.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments