Цаг авсан иргэдийн 70 хүрэхгүй хувь нь шинжилгээнд хамрагдаж байна
Шадар сайд С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай өнөөдөр (2021.04.05) танилцлаа.
Тодруулбал, тус дүүргийн иргэдээс PCR шинжилгээ авдаг байнгын ажиллагаатай цэгүүдэд урьдчилж мэдэгдэлгүйгээр очиж, шинжилгээнд хамрагдахаар цахимаар цаг авсан иргэдийн идэвх ямар байгаа талаар тодруулж, нөхцөл байдалтай танилцсан байна.
Энэ үеэр шинжилгээний цэгт ажиллаж байгаа алба хаагчид болон иргэдийн зүгээс цаг өгдөг болсноор хүндрэл бэрхшээл их гарч байгааг онцоллоо. Мөн цаг авсан иргэд хугацаандаа ирэхгүй байх, цаггүй хүнээс сорьц авсан гэх маргаан дагуулж байгаа талаар хэлэв. Тус шинжилгээний цэгт гэхэд өдөрт нийт цаг авсан хүмүүсийн 70 хүрэхгүй хувь очиж шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Мөн зайлшгүй шалтгаантай жирэмсэн эх болон яаралтай мэс засалд орох шаардлагатай иргэдийг хүлээн авч буй юм байна.
Шадар сайд С.Амарсайхан заавал цаг авч шинжилгээ өгдөг асуудлыг судалж, иргэд авсан цагтаа очихгүй байгаа асуудлыг цэгцэлнэ гэж хэллээ. Үүний дараа Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 52 дугаар сургууль дээр вакцинжуулалтын ажлыг шалган ажиллаж байгааг Шадар сайдын ажлын албанаас шууд дамжуулан хүргэж байна. Тус цэгт 14:00 цагийн байдлаар 16104 хүн вакцинд хамрагдсан байна.
“Covid-19”-ийн эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 18-45 насныхны вакцинжуулалт эхлээд байгаа билээ.