СЗХ-ны дэд дарга Үндэсний реалторуудын холбооны төлөөлөлтэй уулзлаа
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал АНУ-д төвтэй Үндэсний реалторуудын холбооны Ази, номхон далайн бүсийн дэлхийн зохицуулагч Марк Китабаяаши болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд дэд дарга Т.Цэрэнбадрал хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархаж буйгаа илэрхийлээд “Сүүлийн жилүүдэд санхүүгийн болон санхүүгийн бус зах зээл уламжлалт арга барилаас технологид суурилсан, дижитал хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын зах зээл ч мөн энэ зарчмаар хөгжиж, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлээд байна. Иймд Хороо зохицуулагч байгууллагын хувьд тус зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, үүнд тохирсон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх улмаар хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын зах зээлийг зөв гольдрилоор нь хөгжүүлж чадвал орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх боломжтой юм. Энэ чухал үед манай улсын үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарыг олон улсын сайн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Та бүхний туршлага, зөвлөгөө, хамтын ажиллагаа чухал байна” гэдгийг дурдлаа.
Вашингтон мужийн реалторуудын холбооны засгийн газар хариуцсан захирал Нэттон Гардон энэ үеэр Монгол Улс зөвхөн дотоодын бус олон улсын хөрөнгө оруулагчдад зориулсан ил тод, нээлттэй тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд хамтран ажиллах хэрэгтэйг онцолсон юм. Түүнчлэн хоёр тал үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийг хамтарсан сургалтад хамруулах, чадавхжуулах, салбарын хөгжлийн төлөө хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд дэд дарга Т.Цэрэнбадрал Улаанбаатар хотноо маргааш болох “Реалторуудын дуу хоолой форум-2023” арга хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо