“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбоотой асуудалд Улсын харцага Ө.Даваабаатараас тайлбар авна
“Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын малчдыг машинаараа хөөж, дайрч унагааж байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өгөөд буй.
“2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13:20 минутанд “Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх” дуудлага, мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хоёрдугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна” гэв.
Харин тэрбээр энэ тухай цахим хаягтаа “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэж бичжээ.