Л.Чинбатад хүний амийг хөнөөхөөр завдсан, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хэрэг нээжээ
“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа гэмтээсэн гэх үйлдэл нь олны анхаарлын төвд байна. Түүний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн гурван ч зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол прокурор баталсан аж. Тодруулбал,
“Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг “Сүмийн булан” нэртэй газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад “Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, “Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.