Ө.Энхтүвшин: Орос, Монголын эрдэмтдээс бүрдсэн шинжээчдийн баг Эгийн голын цахилгаан станцын нөлөөллийг судалъя гэсэн саналыг Путин гаргасан

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшинтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Дайны нөхцөл байдал бодит байдал дээр ямар байгаа юм бэ.Хүч тэнцвэртэй байгаа юу?

-Одоогийн байдлаар цэргийн, эдийн засгийн, мэдээллийн, суртал нэвтрүүлгийн гэсэн  олон төрлийн дайн зэрэгцэж байна. Эдгээрээс нэг дайнд Орос ялагдаж байна. Тэр нь мэдээллийн дайн юм.Учир нь гол мэдээлэл барууны CNN, BBC гэсэн олон сувгаар түгж байна. Оросын мэдээлэл зөвхөн албан ёсны сувгаар хүрч байгаа учир Монголд ч хүрч чадахгүй байгаа.

-Дайчилгаа, цэрэг татлага зогсчихсон уу?

-Дайчилгааны үеэр 300 мянган цэрэг татсан. Нэг хэсэгтээ дахиж дайчлагаа явуулах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Хэрэв явах бол гэрээ байгуулж, хөлс мөнгөө тохирч байгаа. Хамгийн бага нь сарын 200 мянган рублиэс дээшээ гэрээ байгуулж байгаа.Ямар мэргэжилтэй гэдгээсээ хамаараад энэ тоо өөрчлөгдөнө.

-Ард түмний эсэргүүцэл юу болсон бэ?

-Одоогоор юу ч байхгүй.Хүчээр дарчихсан.Эсэргүүцлийг удирдсан, зохион байгуулсан хүмүүсийг нь олоод баривчилсан. Орос бол камерын систем сайтай улс.Хэчнээн давхар маск зүүсэн ч  хэнийг ч ямар ч асуудалгүй шууд танина.Алхаа, хөдөлгөөнөөр нь бас таньдаг.Тас харанхуй шөнө явсан ч танина.

-Дайнтай холбоотойгоор манай хоёр орны хоорондох зорчигчдын хөдөлгөөн нэмэгдлээ гэж харж байна.Бодит байдал дээр нислэгтэй холбоотой ямар нэгэн хориг саад үүссэн үү?

-Москва руу ирэх онгоц хүн цөөтэйгээс ирэхээ болсон.240 хүний суудалтай онгоц 10 гаруй зорчигчтой л байна. Оросоос Монгол руу нисэх онгоцонд манайх зөвшөөрөл олгоогүй. Учир нь тэр онгоц нь Оросын өөрийн өмчийн онгоц биш барууны орноос түрээсээр авсан онгоц байвал олон улсын гэрээ хэлэлцээрт орсон учир шууд хурааж авна. Шууд хураалгахгүй нисгэвэл бусад орон руу хийж байгаа нислэгийг зогсооно гэж мэдэгдсэн.Үүнээс болоод шууд нислэг үйлдэхээ больсон. Өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улсад очсон гадаадын жуулчдын тоогоороо ОХУ нэгдүгээрт орсон. Энэ хэсэгчилсэн дайчилгаанаас өмнөх  тоо. Энэ жил адилхан байгаа байх.

-Ангарскийн үйлдвэрийн засвар наймдугаар сард эхлэх үү?

-Ангарскийн үйлдвэрийг зарим нь 45 хоног зарим нь нэг сарын турш засвар хийнэ гэж мэдэгдсэн.Ямартай ч өмнөх жилүүдээс илүү урт хугацаагаар засварын ажил үргэлжилнэ.Үйлдвэр хаагдсан хугацаанд өөр үйлдвэрээс шатахуунаа хангах учир нийлүүлэлт дээр асуудал гарахгүй. Үйлдвэрийн захиралтай уулзахад “Засвар, шатахууны нийлүүлэлтэд санаа зовох шаардлагагүй” гэж хэлсэн.

Харин төмөр зам ачааллаа дийлэхгүй гэсэн нэг асуудал үүсч болзошгүй.Оросын бүх ачаа Алс Дорнод руу явж байна.Далайн боомтоор Хятад руу гарах гээд өдөр бүр явж байна. Луганск руу бас явна. Манай ачаа энэ дундуур орох шаардлагатай. Үүнээс үүдэн үрийн будаан дээр 45 хоног хүлээлгээд их сандарсан. Евразийн эдийн засгийн холбоотой зөвшилцсөний эцэст энэ асуудалд шийдэгдэх юм билээ.Хэрэв бид энэ холбоонд элсвэл шатахуун бараг л татваргүй орж ирнэ. Нөгөө талаас энэ холбооны дөрвөн орны бараа, бүтээгдэхүүн манай улс руу орж ирж үндэсний үйлдвэрлэгчдийг шахах эрсдэлтэй.

-Эгийн голын  усан цахилгаан станцын төсөл ямар шатандаа яваа вэ?

-Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр хоёр талын Ажлын хэсэг байгуулъя гэсэн саналыг Путин ерөнхийлөгч гаргасан.Хоёр орны эрдэмтдээс бүрдсэн шинжээчдийн том баг гаргаад байгаль орчны нөлөөллийг судалъя гэсэн. Хэрэв байгальд хортой нь нотлогдвол төслийг зогсоож, ямар нэгэн нөлөөгүй гэсэн дүн гарвал станцын бүтээн байгуулалтыг эхэлье гэсэн санал гаргасан.

-Манай улс экспортын тухайд Хятадаас хамааралтай. Оростой гадаад худалдаагаа сайжруулах тал дээр яаж анхаарч байгаа бол?

-Нийт гадаад худалдааны 80 орчим хувийг Хятадаас экспортолдог. Гэхдээ амин чухал долоон бүтээгдэхүүнээ Оросоос авдаг.Үүнд шатахуун, эрчим хүч, үрийн буудай, тэсрэх дэлбэрэх бодис, бордоо, өндөг, наранцэцгийн тос, элсэн чихэр гэсэн чухал хүнсний зүйл багтдаг. Оросоос эрчим хүчээ авч чадахаа больвол шууд цахилгаангүй болно.Ямар ч тохируулга байхгүй. Хятад хилээ хаасан үед Оросоос чухал хүнсний бүтээгдэхүүнээ авсан. Монгол, Оросын худалдаа тэнцвэргүй. 97 хувь нь Оросоос Монгол руу чиглэсэн экспорт. Үүний ихэнх нь шатахуун байна. Үлдсэн гурван хувь нь Монголоос Орос руу чиглэсэн экспорт байна.Манайх 100 сая ам.доллар, Орос хоёр тэрбум орчим ам.доллар энэ экспортоос олдог.Үүнийг сүүлийн 30 жил ярьж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments