Бэртлээс болж теннисээ орхисон Моника: Гүйлтийн ачаар сэтгэл гутралаа даван тууллаа
Моника Пиуг теннисийн спортоор хичээллэх хугацаандаа 300 гаруй тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн байдаг. Гэвч мөрний бэртлийн улмаас дөнгөж 28 насандаа дахин теннис тоглож чадахгүй болсны дараагаар сэтгэл зүйн олон асуудалтай тэрбээр нүүр тулжээ.
Үүнийгээ даван туулахын тулд марафон гүйлтийг Нью Йорк хотоос эхлүүлжээ. Дараа нь Бостон ороод тэндээсээ Лондон орохоор төлөвлөн замдаа гарсан бөгөөд замынхаа талыг аль хэдийнэ туулсан байна. Моника 2024 оны сүүлээр гэхэд дэлхийн марафоны гол гол тэмцээнүүдэд оролцож бүгдийг нь амжилттай дуусгах зорилго тавьжээ.
Энэ талаар “Марафон гүйлтийнхээ барианд хүрэх бүртээ сэтгэл минь хөдөлж, уйлдаг.Энэ нь миний амьдралд цоо шинэ мэдрэмжийг бэлэглэж байгаа. Замаа амжилттай дуусгаж бариандаа хүрэх нь теннисний тэмцээнд ялахтай ижил. Өмнөх шиг ямар нэгэн шагнал, нэр алдар байхгүй ч гүйлтээр дамжуулан теннис тоглож чадахаа больсны дараах сэтгэл гутралаа даван туулж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна”хэмээн “CNN Sport” сувагт ярьжээ.
Моника эхлээд дөрвөн км дараа нь найман км, 12 км гэх мэтээр километрээ бага багаар нэмэгдүүлэн гүйхээр шийджээ. Энэ тухай “Мөрний гэмтэл надад олон зүйлийг ухааруулсан. Өвдөж шаналах нь ч , түр завсарлага авах нь ч, өөрийгөө 100 хувь төгс биш ч гэдгээ мэдрэх нь ч ер нь бүгд сүртэй зүйл биш юм билээ.Шинэ зүйл туршиж үзэх нь надад үнэхээр их таалагдаж байна. Цаашдаа насан туршдаа марафоноор хичээллэнэ” гэж ярив.
Моника мөрний бэртлийн улмаас өнгөрсөн оноос эхлэн теннисны спортоо орхиод байгаа юм. Тэрбээр 2016 онд олимпоос алтан медаль авч байсан дэлхийд алдартай тамирчин билээ.
Эх сурвалж:CNN
Б.ДОЛЖИНЖАВ