Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг дэмжлээ
НИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан.
Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулсан.
Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.
Тодруулбал, төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, мөн тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.
Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг НИТХ дахь МАН-ын бүлэг, ХҮН намын бүлэг дэмжлээ. Нийслэл анх удаа үнэт цаас гаргах гэж байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид төсвөөс хараат байгаа үед энэ мэт санхүүгийн олон эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг онцолж байв.