Унгар улсад халдвар авсан Монгол эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ
Өчигдөр/2021.04.05/ Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас баржээ.
Талийгаач жирэмсэн байсан бөгөөд эмч нар хийсвэр хагалгаа хийснээр хүүхдийг аварч чаджээ. Харин эхийг аварч чадаагүй байна. Одоогоор охин нь инкубаторт бойжиж байгаа аж. Энэ талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа эмгэнэл илэрхийлжээ.
Эмгэнэлд : “Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье. Гайтай энэ муу ковид (Унгар улс) дахин нэг иргэнийг маань аван одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байна. Аав нь, эмээ, өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно. Унгарт буй монголчууд нь туслах болно. Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийхаа төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чадна залуу минь. Охиноо ээж нь байгаа юм шиг сайхан өсгөөрэй, ард түмэн, монгол зон олон нь хамт байх болно.
Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи мөнх тэнгэртээ тайван нойрсдоо. Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай. Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай…”хэмээн гүн эмгэнэл илэрхийлжээ.