С.Бямбацогт: 30 жил ужгирсан өрийг шийдэж, Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх протоколыг Оросын талтай байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт гарын үсэг зуржээ.
Энэ тухай тэрбээр “ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурлаа.Олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг цэгцлэх, дуусгавар болох талаар хичээж ажилласны үр дүнд 2009 оноос хойш гацаад байсан асуудалд шийдэл олж цэг тавилаа”гэв.
Протокол байгуулагдсанаар:
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
“УБТЗ” ХНН хугацаа хэтэрсэн өр ширгүй болж, парк шинэчлэлт, замын засвар, хөрөнгө оруулалтаа хийх эдийн засгийн чадвар нь эрс сайжирч, зээлжих зэрэглэл нь нэмэгдэж байна.
Оросын талаас дүрмийн санд нийлүүлж буй таван зүтгүүрийг авснаар бидний ачаа татах, тээх хүчин чадал хоёр сая орчим тонноор нэмэгдэнэ. Экспортын болон транзит тээвэрт тээг саад болж байсан зүтгүүрийн дутагдал эрс багасна.
Хоёр улсын хооронд үүсээд байсан нэг томоохон асуудал ийнхүү шийдвэрлэгдэж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байна.
Хоёр талын тээврийн сайд нарын уулзалтын үеэр дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг даалгавар өгчээ.
Тухайлбал, Орос-Монгол-Хятад гурван улсыг хамарсан тээврийн коридорыг хөгжүүлэх, тээвэрлэх ачааны хэмжээг 60 сая тоннд хүргэх.
Эдийн засгийн коридорын хүрээнд “Богдхан” төмөр замын төслийг эхлүүлэх, Хөшигийн хөндийн тээвэр ложистикийн төвийг гол төмөр замд холбох
Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн их засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх
АН-3, АН-4 авто замаар явж буй транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх
Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж хязгаарлалтуудыг багасгах, 30 жилийн турш яригдсан ужгирсан өрийг шийдэж, Улаанбаатар төмөр замынхаа цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах протоколыг Оросын талтай байгуулж, гарын үсэг зурсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.