Харааны бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын гэрчилгээг өнөөдөр гардууллаа
“И-Монгол академи” УТҮГ 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 22-ны хооронд харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл технологийн чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
“Хүртээмжтэй технологи” онол практик хосолсон 72 цагийн сургалтад харааны бэрхшээлтэй дөрвөн иргэн хамрагдаж өнөөдөр гэрчилгээгээ гардан авчээ.
Харин сургагч багшаар “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын сургагч багш, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, хүртээмжтэй технологийн мэргэшсэн багш Г.Батдэлгэр ажилласан байна.
Тус сургалтад дараах агуулгууд багтаажээ. Үүнд:
Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах, интернэт орчинд ажиллах, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах төхөөрөмжүүдтэй ажиллах, гар утсыг хүртээмжтэй хэлбэрт хувиргах, цахим хуудасны хүртээмжийг үнэлэх багтжээ.
Эдгээр агуулгыг судалснаар суралцагчид дэлгэц уншигч программыг чөлөөтэй ашиглаж, мэдээллийг таньж мэдэх, аливаа мэдээллээс хэрэгцээндээ тохируулан ашиглах, хэрэглэх, боловсруулах, хуваалцах, түгээх зэрэг чадварыг бүрэн эзэмшсэн байна.
Сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар санаачлан зохион байгуулжээ. Тус газар нь бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд 2022 оноос хойш нийт 25984 иргэнд хүрч ажилласан байна.