Монголын төлөөлөгчид Канадын газар тариалангийн үзэсгэлэнд оролцож байна
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2023 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Канад Улсын Саскачеван мужид ажиллаж, Режайна хотод энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Канадын газар тариалангийн үзэсгэлэн (Farm Show 2023)-д оролцов.
Элчин сайд тус үзэсгэлэнд Монгол Улсаас оролцож буй ХХААХҮЯ-ны төлөөлөл болон фермерүүдийн хамт Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн яам, Худалдаа, экспортын хөгжлийн яам болон Саскачеваны Худалдаа, экспортын түншлэлийн байгууллагын удирдлага, Режайна хотын дарга, “Farm Show”-ны ерөнхийлөгч нартай албаны уулзалтууд хийв.
Канадын тал Саскачеван мужийн хөдөө аж ахуйн салбарын хөгжил, өнөөгийн байдал, тэр дундаа хөрс хөндөхгүй тариалан, усалгаа, экспортын тухай танилцуулж, хоёр талын худалдаа, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Монголын төлөөлөгчид мөн Канадын Ургамлын гений нөөцийн газрын эрдэмтэн судлаач нартай уулзаж, Канадын үрийн банкны журам, судалгаа, хөгжүүлэлт, Монгол Улс руу экспортлох асуудлаар ярилцахаас гадна Тал хээрийн хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн хүрээлэнгийн захиралтай уулзаж, хөдөө аж ахуйн орчин үеийн техник технологи, машин, тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх талаар санал солилцлоо.