Ерөнхий үнэлгээнд хамрагдаж буй 100 хүүхдийн 50-д нь БЗС-гаас ээл олгоно
БЗС-гийн сонгон шалгаруулалтын шинэ зарчмыг танилцууллаа.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат: Монгол Улсын Засгийн газраас гаргасан тэмдэглэлийн дагуу дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулиас бакалаврын хөтөлбөрт суралцах урилга авч, БЗС-гийн хөтөлбөрт хамрагдах болзол хангасан иргэдээс сонгон шалгаруулалт хийх үйл ажиллагаа өнөөдөр явагдана. Шилдэг их, дээд сургуулиас урилга авсан суралцагчдын сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгье. Ерөнхий үнэлгээнд хамрагдаж байгаа 100 шалгуулагч байгаа. Гэхдээ энэ жил 50 хүүхдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн Ням-Эрдэнэ: Боловсролын зээлийн сангийн процесст дахин загварчлал хийхэд баримталж ажилласан үндсэн зарчим бол иргэдэд нээлттэй, шударга байхад анхаарсан. Улмаар эхлэхээс төгсөх хүртэлх үйл явцыг дахин загварчилсан. Ингэхдээ төрийн болон төрийн өмчит байгууллагуудын сургалтын тэтгэлэг, зээл тусламжийг БЗС-д төвлөрүүлж, нэгдсэн бодлогоор олгох болно. Эдгээр хөтөлбөртэй холбоотой заавар, зөвлөмжийг олон нийтэд нээлттэй байдлаар хүргэнэ. Улмаар тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн хүсэлтийг нэгдсэн системээр хүлээн аваад, суурь үнэлгээний автомат системээр үнэлгээжүүлнэ. Эсээ, болон ярилцлагын шатыг байхгүй болгож, суралцах чадварын үнэлгээ авч, шууд засалт хийснээр хүний оролцоогүй сонгон шалгаруулалт хийх боломж бүрдэнэ.
БШУЯ-ны Гадаад харилцааны газрын дарга Ш.Нарантуяа: Өнөөдрийн хүртэл сонгон шалгаруулалт хийгдсэн. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу дэлхийн топ 50 сургуульд тэнцсэн суралцагчдад санхүүгийн тэтгэлэг өгөх тухай мэдээлэл сарын турш цахимаар зарлагдсан. Үүнд нийт 133 хүүхэд бүртгүүлсэн. Эдгээрийн 33 нь бичиг баримтын шалгалтаар хасагдсан. Тэд IELTS-ийн 6.5-аас дээш оноотой байх, сургууль нь 50-д жагссан байх гэсэн шаардлагыг хангаагүй учир хасагдсан. Үлдсэн хүүхдийг сургуулийн эрэмбэ, хэлний оноо, тэргүүлэх мэргэжил болон голч дүн гэсэн дөрвөн ангиллаар оноожуулсан. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх шаардлага тавьж байна.