Их дуулга: Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн “Улаанбаатар 2023” их дуулга Мөсөн өргөөд үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдрийн хөнгөн таван жинд Монголын шигшээ багийн 20 тамирчин зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.
Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикистаны Обид Жебовт ялагдаж дагах руу шилжсэн тэрээр нутаг нэгт Гүнжинлхамын Сод-Эрдэнийг ялж хүрэл медалийн төлөө барилдах болзлоо хангаад байв.
Гэвч түүний өрсөлдөгч Японы залуу тамирчин Тайкох Фүжисака бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэхээр болсон. Фүжисака шөвгийн дөрөвт дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүүд торгуулиар ялагдсан бөгөөд барилдааны үеэр гараа гэмтээсэн юм.
Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ. Монголын шигшээ багаас -60 кг жинд Э.Сумъяабазар хүрэл медалийн төлөө, -52 кг жинд Л.Сосорбарам хүрэл медалийн төлөө, -66 кг жинд Ё.Басхүү алтан медалийн төлөө тус тус барилдана.
Түүнчлэн АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Бишрэлтийн Хорлоодой -52 кг жинд, Баянмөнхийн Нармандах -66 кг жинд тус тус хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарчээ.