|

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе В.Фернандес зургаадугаар сарын 25-29-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо айлчилж, АНУ, Монголын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор төрийн өндөр албан тушаалтнууд болон бусад холбогдох талуудтай уулзана.

Түүний айлчлалын зорилго нь эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, зам тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх, дижитал эдийн засаг зэрэг чиглэлээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг судлах юм.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес  Улаанбаатар хотноо Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) өндөр стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах арга замыг тодорхойлоход чухал ач холбогдолтой ашигт малтмалын асуудлаар түүхэн дэх анхны гурван талт яриа хэлэлцээг эхлүүлнэ.

Энэ жил АНУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан бид тус улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархаж байна хэмээн АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны цахим хуудсанд онцлоод энэхүү түншлэлээ өргөжүүлэхийн тулд Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар, төрийн болон хувийн хэвшлийн бусад түншүүдтэй эдийн засаг, чухал ашигт малтмал, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэнэ гэж мэдээлжээ.

Айлчлалын үеэр Хосе В.Фернандес мөн Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзаж, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтад олон улсын худалдааны талаар илтгэл тавихаас гадна, “Оюу толгой” уурхайд зочилж, соёлын үйл ажиллагаанд оролцоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *