21:00-23:00 цагийн хооронд унтаж амждаггүй бол үүнийг уншаарай
Өглөөний хүн байхын тулд хичээж, эртлэн босож, эрч хүчээ шавхах тохиолдол бидэнд их нийтлэг үзэгддэг. Гэвч үнэндээ өглөө эртлэн босох бус шөнийн нойрыг хангалттай авч чадаж байгаа эсэхээс таны ажлын үр бүтээмж, бие махбодын эрүүл мэндийн нөхцөл хамаардаг.
Тиймээс танд нойрны талаар хэдхэн мэдээлэл өгье.
Эрт унтахын ач холбогдол
Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов
“Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Эрт унтахын ач холбогдол гэж юу вэ?
Бие, оюун ухаан оройн 9 цагаас 11 цаг хүртэлх хугацаанд хамгийн их амардаг. Тиймээс та 10 цаг гэхэд унтаагүй бол таны сэтгэлгээний үйл ажиллагаа дүүрэн ажиллаж чадахгүй байх нь.
23 цагаас хойш унтдаг хэвшилтэй хүний оюуны чадамж аажмаар буурч байдаг байна. Оюун ухааны чадамж буурах үйл ажиллагаа нь гэнэтийн биш учир олон хүн үүнийг унтах цагтай холбоотой байж болох тухайд огт санаа тавьдаггүй билээ.
Магадгүй та доорх оюун ухааны ядралын шинж тэмдгүүдийг мэдэрч байж болох юм: анхаарал төвлөрүүлэхэд муу болсон, оюун ухаанаа хэт дайчилдаг болсон, муу зуршил газар авч байгаа, сэтгэлийн хүч чадал суларсан, сексийн болон хоол идэх, унтах, муудалцах гэх мэтэд хэт их сонирхолтой болсон …
Хэрвээ хүн 23-аас шөнийн 01 цаг хүртэл унтаж чадаагүй бол хүний пран буюу амьдралын хүч нь сулардаг байна. Праны үйл ажиллагаа доголдох нь хүний мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа суларч байгаагаар илэрдэг. Хэрвээ хүн амьдралын зөв хэмнэл баримтлахгүй бол тэрээр байнгын депрессийн байдалд орох ба депрессийн хөгжил нь мэдэгдэхгүйгээр хурдацтай явагдаж эхэлнэ. 1–3 жилийн дараа депресс их хэмжээгээр хуримтлагдаж “амьдралын өнгө будаг бөхөж” эргэн тойрны бүх зүйл өнгөгүй саарал болно. Энэ нь тархи амарч чадахгүй байгаа, хүний сэтгэл санааны байдал тун хүндэрч байгааг харуулсан дохио юм шүү.
Амьдралын хүч суларч байгааг илтгэх шинж тэмдэг нь — бие сулрах, гутранги үзэлтэй болох, залхуу, хоолонд дургүй, бие хүнд, биеийн болон сэтгэл зүйн хүч чадалгүй болох гэх мэт.
Хэрвээ хүн шөнийн 01 цагаас 03 цаг хүртэл унтаж чадаагүй бол хүний сэтгэл зүйн чадал мууддаг байна. Үр дүн нь хэт огцом уур уцаартай болох, түрэмгий догшин зан, аливаа зүйлтэй сөргөлдөх сонирхол бий болно. Хэрвээ хүний үйл ажиллагаа маш их оюун ухааны хүчдэл шаардсан байвал тэр хүн 19 цагт унтах хэрэгтэй ба өглөөний 04–05 цагийн үед босох, эсвэл 20 цагт унтаад өглөөний 05–06 цагт босох хэрэгтэй. Ямар ч нөхцөлд 22 цагаас хойш унтах нь сэтгэл санаа, оюун ухаан, биеийн хүч чадалд муу нөлөөтэй байна. За яадаг ч гэлээ нойр гэдэг хүний амьдралын 1/3 нь бөгөөд физиологийн амин чухал хэрэгцээг хангах яах аргагүй анхаарахгүй бол болохгүй асуудал болчихоод байгаа юм.
“New York Times”-ийн шилдэг борлуулалттай “Тархины мананг арилгах” номын зохиогч Эмч Mike Dow-ийн тус номондоо дурдсан унтахын зарим ашиг тус буюу унтахаас дараах зүйлс шалтгаалдаг:
- Ой санамж, сурах, бүтээх чадвар нэмэгдүүлдэг
- Сэргэг, соргог болгодог
- Эрүүл биеийн жинг бий болгодог
- Мэдрэлийн эмгэгүүдийн магадлалыг багасгадаг
Эх Сурвалж: www.healthline.com
П.Ундрах