Нүдний доорх хөхрөлтөө арилгуулах тарилга хийлгээд хараагаа алджээ
“Синдерелла” эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэний өмгөөлөгч нар үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хохирогч иргэн нүдний доорх хөхрөлтөө арилгуулахаар тухайн эмнэлгийг сурталчилдаг инфлюенсер болон олон салбартай зэргийг нь харгалзан үзэж тус эмнэлэгт хандаж филлер тарилга хийлгүүлсэн байна.
Гэвч эмчилгээний явцад нүд нь бүрэлзэж, нэг нүдний хараагаа 99 хувь алджээ. Явцдаа буюу олон жилийн дараа нөгөө нүдэндээ нөлөөлж бүрэн сохрох эрсдэлтэй байгаа учир үлдсэн нэг эрүүл нүдээ хамгаалж үлдэхийн тулд “Синдерелла” эмнэлгээс эмчилгээний төлбөрөө нэхэмжлээд байгаа аж.
Энэ талаар өмгөөлөгч Г.Минжмаа “Хохирогч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганцаараа асарч хамгаалдаг өрх толгойлсон эмэгтэй. Маш ачаалалттай ажиллаж ядарсны улмаас нүдний доогуур үүссэн хөхрөлтөө арилгуулахаар эмнэлэгт хандсан. Одоогийн байдлаар манай үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан байна. “Синдерелла” эмнэлгээс хохирлыг барагдуулахаар 60 мянган ам.долларыг гаргаж өгсөн ч үйлчлүүлэгчээс өөрөөс нь Герман болон Непал улсад эмчилгээ, оношилгоо хийлгүүлсний зардал 110 мянган ам.доллар гарсан. Хохирогчид хийсэн филлер тарилга нь олон стандарттай ч тэдгээрийг дагаж мөрдөлгүй маш өндөр эрсдэлтэй бүс буюу филлер тарилга хийх ёсгүй цэг рүү нь тарьсан байна. Мөн тус тарилгыг хийдэг албан ёсны орнуудын жагсаалтад манай улс байхгүй байна” гэлээ.