АЙЛЧЛАЛ: Тяньжин боомтын 10 га газрыг тээвэр логистикийн төв болгож манай улс далайд гарцтай болох боломжтой
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 26-нд Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцав.
Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм.
Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож манай улс далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.
Монгол Улсын Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтын ачаа тээврийн 90 гаруй хувь нь тус боомтоор нэвтэрдэг. Манай улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдсаж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэнэ.
Тяньжин порт группийн удирдлагын онцолсноор, далайн тээвэр нь өртөг зардлын хувьд агаарын тээврийн зууны нэг, төмөр замын аравны нэг, авто тээврийн гуравны нэгтэй тэнцэж, цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалга юм.
Чингэлэг тээвэрт автоматжуулалт, ухаалаг системийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн тус боомтод 1200 гаруй хүний ажлын байрыг 200 хүн гүйцэтгэж, эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангадаг.
Дэлхийд долдугаарт эрэмбэлэгддэг уг боомтоор 2022 онд нийт 471 сая тонн бараа, 21 сая ширхэг стандарт чингэлэг нэвтрүүлсэн бол 2023 оны тоон мэдээллээр 653 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.