ТАНИЛЦ: Хөгжлийн банкны шүүх хурлаас “цэвэр” гарч ирсэн улс төрчид

Хөгжлийн банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцуулав. Шүүх хуралдаан ажлын 47 өдөр үргэлжилж гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов.

Одоогийн байдлаар шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлаад байна. Энэ хугацаанд шүүгдэгч, ААН-үүд Хөгжлийн банкинд учруулсан хохирлоо төлөх боломжтой.

Ийн тус шүүх хурлын үеэр цагаатгагдсан хүмүүсийн ихэнх нь улс төрчид, буруутгагдсан хүмүүсийн ихэнх нь мэргэжилтнүүд байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.

Тодруулбал, шүүх хурлаар  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг гэм буруугүй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх хэрэгт холбогдуулан Нийслэлийн Прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан билээ. Шүүх хурлын шийдвэрийг зарласны дараа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нар хэвлэлд яриа өгөхдөө “Монголын шүүх ил тод, шударга ажиллаж гэм буруугүй гэдгийг тогтоосонд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

“Хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж буй  Б.Махбал буруугүй”

Хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбалыг мөн гэм буруугүй хэмээн үзэв. Түүнийг  “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Хөгжлийн банкны шүүх хуралд яллагдагчаар татагдсан юм.

Тухайлбал, Б.Махбал нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, “НВЦ” компанид давуу байдал бий болгож, 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байв.

Мөн “Монгол мах” компанид эдийн засгийн давуу байдал бий болгон 31.8 тэрбум төгрөгийн, “Монгол эм импекс” компанид мөн эдийн засгийн давуу байдал бий болгон 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, “Бэрэн” гурппт эдийн засгийн давуу байдал бий болгон 28.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байсан ч  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцлоо.

Эдийн засаг, Хөгжлийн сайд асан Н.Батбаярыг цагаатгав

Эдгээрээс гадна Эдийн засаг, хөгжлийн сайд асан Нямжавын Батбаярыг гэм буруугүйд тооцов. Түүнийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр нартай бүлэглэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК, Энержи Ресурс ХХК-иудаас барьсан замыг нь өндөр үнээр худалдан авч Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан 36 тэрбум гаруй төгрөгийг эдийн засгийн давуу байдлыг бий болгосон хэмээн буруутгаж байв.

Мөн  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр үгсэн хуйвалдаагүй ч үйлдлээрээ нэгдэж “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал олгож Хөгжлийн Банканд 44 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан, Монрөүд ХХК-ийн Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд давуу байдал олгож, тус компанийн заасан үнийн дүнг буюу есөн тэрбум гаруй төгрөгийн хэргийг улсын төсвөөс гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байсан ч гэм буруугүй хэмээн үзлээ.

Цагаатгасан 48 иргэний жагсаалтыг ийн улс төрд хамаарал бүхий хүмүүс эзэлж байгаа нь олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг улам сулруулав. Гэтэл гэм буруугүй гэгдсэн улс төрчид шүүхийн ил тод, шударга байдлыг магтан дууллаа. Тэд анхнаасаа ямар ч гэм буруугүй “цэвэр” байж. Үүнийг нь энэ удаагийн шүүх хурал нотоллоо хэмээн ээлж дараалан мэдэгдэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *