Цахилгаан хязгаарласан аймаг, сумдын эмнэлгийн нөхцөл байдал хүндэрчээ
Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг хүртэлх 110кВ-ын 25 тулгуур шон өнгөрсөн ням гаригт /2023.06.25/ унасан. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг аймгийн нийт 100 орчим сум цахилгаангүй болоод буй.
Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй бөгөөд урьдчилсан байдлаар усархаг бороо орж, хүчтэй шуурганы улмаас унасан гэж таамаглаж байгаа юм. Тус цахилгааны гэмтлийг шуурхай засварлахаар баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч 2-3 хоногийн дотор цахилгааныг бүрэн өгөх боломжгүй гэсэн юм.
Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэж цахилгаан хязгаарласан аймаг, сумд эхний хоногт мотор зэргээр нөөцөө хангаж байсан ч эмнэлэг болон нэн шаардлагатай хэсгүүдэд эрчим хүч дутагдаж, нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Тиймээс аймаг, сумдынхан хуралдаж маргаашийн дотор тогийг өгөхөөр ажиллаж байна.