АЙЛЧЛАЛ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи групп”-ийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн далангүй ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнө “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрсэн нь онцлог байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон билээ.
Өнөөдрийн уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцлоо.
‘Чайна энержи’ группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ онцлон тэмдэглэхдээ, тус групп цаашид Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа нотоллоо.