Төв цэнгэлдэх хүрээлэнг томруулахгүй бол наадмын тасалбарын тоог нэмж чадахгүй гэв
Үндэсний баяр наадам зохион байгуулж буй комиссоос нэгдсэн мэдээлэл өнөөдөр өгсөн.
Энэ үеэр Наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга И.Баатархүү “Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан жуулчдад зориулсан тасалбарыг тоог 400 орчмоор нэмэгдүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн 11 мянган хүний суудалтай бөгөөд олон хүн хамруулахын тулд хоёр өдрийн тасалбарыг тусад нь худалдаалах шийдвэр гаргасан. Бөхийн барилдааныг үзэх хүн 11-ний өдрийн тасалбарыг давхар авах шаардлагагүй гэсэн үг. Баяр наадмын өдрүүдийн тасалбарын хүрэлцээ муу байна гэж жил бүр ярьдаг. Төв цэнгэлдэх хүрээлэнгээ томруулахгүй л бол уг асуудал яригдсаар байна” гэв.