Баяр наадмын тасалбарыг хоёр дахь жилдээ цахимаар борлуулна
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг 2 дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан 07 дугаар сарын 01-ний өдөр борлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ жилийн цахим тасалбарын борлуулалтыг enaadam.mn сайтаар дамжуулан “Шоппи” ХХК нь 2 дахь жилдээ хариуцан зохион байгуулах бөгөөд тус компани нь албан ёсны эхтэй 1500 брендийн 600 мянга гаруй бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулахаас гадна Монгол Улсад зохион байгуулагдаж буй шоу тоглолтын 80 гаруй хувийг өөрсдийн платформоор дамжуулан борлуулж байна.
Баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар нь эрэлт ихтэй байдагтай холбогдуулан энэ жил серверийг өндөр түвшинд өргөтгөн бэлтгэсэн ба банк болон бусад төлбөрийн системүүдийн ачааллыг буруулах зорилгоор төлбөр төлөх хугацааг уртасгасан нэмэлт хөгжүүлэлт хийгдсэн байна.