ХАА эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгоно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.
Энэ үеэр Засгийн газрын тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийснийг тодотгов.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн 13 хувийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газраас хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэжээ. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгох аж.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “Мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн.
Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 107 дугаар тогтоолыг батлуулж, 19 чиглэлийн үйлдвэрийн нийт 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн нь үндсэн тогтоолыг бодитоор хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон” гэв.
Зөвлөлдөх хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжүүлэгч төрийн нийт 35 байгууллагын 50 гаруй холбогдох албан тушаалтнууд оролцож, сэдвийн хүрээнд асуулт асууж, санал солилцжээ.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам