Хэнтий аймагт 50 хоног бороо ороогүйгээс буудайн ургалт зогсжээ
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Б.Цогтсарангаар ахлуулсан ажлын хэсэг Газар тариалангийн Зүүн бүсийн улаанбуудайн соёололт, ургалтын байдал тодорхойлох зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Тариаланч өрхийн 9.7 хувь, аж ахуй нэгжийн 8.7 хувь нь тариалалт эрхэлдэг зүүн бүсэд ажиллах хугацаандаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Дорнод аймгийн Халх гол суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 13 иргэн, аж ахуйн нэгжийн тариалангийн талбайн ургалтын байдалтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, санал солилцлоо.
Хэнтий аймгийн хувьд хаврын тариалалтын үеийн угтвар чийг сайн байсан ч тариалалт хийснээс хойш өнөөдрийг хүртэл 50 орчим хоног бороо ороогүй, сүүлийн өдрүүдэд 30 хэм, хөрсөн дээр 45 хэм хүрч халалт явагдаж байгаагаас буудайн соёололт тааруу, бутлалтгүй, будааны ургалт зогсонги байдалтай байна.
Дорнод аймгийн ерөнхий агрономич Ч.Самбуубаатарын хамт Дорнод аймагт ажиллаж байна. Тухайн аймгийн хувьд буудайн ургалт харилцан адилгүй, Халх гол сум гандуу, Баян уул суманд ургалт сайн байгаа ч, борооны улмаас ургамал хамгааллын бодис, бордооны цацалт удаашралтай байна.
Халх гол сумын хувьд хаврын тариалалтын үеийн угтвар чийг муу, хуурайшилттай байсан ч зургаа дугаар сарын 08,10-ны өдрүүдэд хангалттай чийг буусан тул буудайн соёололт сайн байгаа ч сүүлийн үед дахин бороо ороогүй, хөрсөн дээр 45 хэм хүрч халалт явагдаж байгаагаас буудайн ургалт удаашралтай, бутлалтын шатандаа зогсонги байдалтай байна.
Сүүлийн 10-20 хоногийн халуун салхитай, шөнө сэрүүхэн, 0-10см.т чийггүй зэрэг цаг уурын тааламжгүй үзэгдэлд таримлын өсөлт хөгжилт зогсож, навч шарлаж гандаж эхэлжээ. Өмнөдэлгэр болон Халх гол сумдын хувьд гангийн улмаас улаанбуудай стресст орсон, салхи ихтэй байгаа зэргээс ургамал хамгааллын арга хэмжээ удаашралтай байна. Хэнтий болон Дорнод аймгийн УЦУОГ -аас үүлэнд нөлөөлөх замаар хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам