Гэм буруутай хүмүүст ял оноох Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр болно
Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийг яллагдагчаар татсан юм. Улмаар 48 хүнийг гэм буруугүй, 32 хүнийг буруутай гэж үзээд байгаа юм. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийг нь гэм буруутай гэж үзсэн.
80 шүүгдэгчийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар багтсан юм. Тэднээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг гэм буруутай гэж үзсэн. Шүүгч энэ тухай шийдвэрээ танилцуулахдаа “Шүүгдэгч Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүн буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа НВЦ компанийн Захирад Ц.Баатарбилэгийн Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах хүсэлтийг ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас НВЦ компани зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2017 оны есдүгээр сарын 19-нд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая 825 мянган төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4.6-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэг мөн байх тул энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутай. Мөн 2017 оны тавдугаар сарын 18-нд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны Сэлбэ хотхоны F байрны 38 тоот хаягт байрлалтай орон сууц авто зогсоолыг иргэн Ганбаатараас бэлэн 322 сая төгрөгөөр, 2017 оны аравдугаар сарын 27-нд 2014 онд үйлдвэрлэгдсэн 9699 УНО улсын дугаартай Лексус 570 маркийн аюто машиныг БНХАУ-ын иргэнээс бэлэн 133 сая төгрөгөөр тус тус худалдан авсан боловч Авлигын эсрэг хуулийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа дээрх орон сууцыг 250 сая төгрөгөөр авсан гэж худал мэдүүлсэн. Мөн Ё.Баатарбилэг хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна” гэсэн юм.
Ё.Баатарбилэг тэргүүтэй 32 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид шийтгэл оногдуулах шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.