Үндсэн хуулийн цэцийн гишүүний шалгуурыг хангах хуульч алга гэж үү?
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг сонгон шалгаруулахаар Улсын дээд шүүхээс удаа дараа нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд олонхийн санал авч чадах нэр дэвшигчийг өнөөдрийг хүртэл олсонгүй.
Сүүлийн мэдээллээр Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж, дөрвөн хүн бүртгүүлжээ. Тодруулбал, хуульч Б.Гүнбилэг, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нарын дөрвөн хүн Цэцийн гишүүнд нэр дэвшихээр материалуудаа ирүүлсэн байна.
Эдгээрээс хуульч Б.Гүнбилэг өөрийн хүсэлтээр нэрээ татаж, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нар нэр дэвшсэн бөгөөд хэн нь ч олонхийн санал авч чадсангүй.
Нийт шүүгчдийн хуралдаанаар олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахаар болжээ.
Өмнө нь хоёр гишүүний сонгон шалгаруулалт зарлахад нийт шүүгчдийн олонхийн саналыг Д.Гангабаатар авч, Цэцийн гишүүн болсон. Харин одоо дахин нэг гишүүнийг сонгох нээлттэй шалгаруулалт удаа дараа зарласан боловч нийт шүүгчдийн олонхийн санал авч чадахгүй буцаагдсаар байна.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр болон Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн хүнийг томилох сонгон шалгаруулалт эхлээд байгаа нь энэ. Гэвч Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болдог хуулийн заалттай.
Өөрөөр хэлбэл, Д.Одбаяр, Н.Чинбат нарын зургаан жилээр томилсон хугацаа дууссан ч дараагийн хүн томилогдох хүртэл тэд ажлаа хийж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.Тиймээс Цэцийн гишүүнийн шалгуурыг хангах хуульч гарч иртэл дээрх хоёр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байх нь.