Тоёота брэнд Түрүү бөхийн шагналд 63 дугаар тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна

Тоёота брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран түрүү бөхийн бай шагнал, нийгмийн хариуцлагын ажлуудыг хүмүүнлэг болон нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тухайлбал 2021 онд түрүү бөхийн нэрэмжит шагналаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүн тээврийн Toyota HIACE автомашиныг гардуулан өгсөн. Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8м.кв талбайг тохижуулсан юм.

Тэгвэл энэ онд Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай хэрэгцээт сургуульд нэн хэрэгцээ шаардлагатай цахилгаан шатыг суурилуулж өгөх юм.

Тус сургууль нь 1975 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох зорилгоор байгуулагдсан бөгөөд оюуны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хөдөлмөр, мэргэжлийн чиг баримжаа бүхий суурь боловсрол эзэмшүүлдэг.

 Гэвч 48 жилийн өмнө барьсан сургуулийн байр цахилгаан шатгүй. Энэ нь тэргэнцэртэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн, багш нарт хүндрэл учруулдаг. Цахилгаан шатыг суурилуулж тохижуулснаар тус сургуулийн, тэргэнцэртэй 40 гаруй хүүхэд хоёрдугаар давхар руу гарах, буух нь чөлөөтэй болно. Тэднийг ээж аав эсвэл багш нар нь дээш гаргах, доош буулгах гэж зүдрэхгүй. Хичээл сургалтдаа илүү анхаарал хандуулах бүрэн боломжтой болох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *