“Улаанбаатар-2023” Зүүн азийн залуучуудын наадмын багийн ахлагчдын хурал эхэллээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын багийн ахлагчдын хурал эхэллээ. Наадмын бэлтгэл ажлын явцыг танилцуулж, зохион байгуулалтын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой энэхүү хуралд Зүүн Азийн бүс нутагт хамаарах есөн Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож байна.

Мөн тус хурлыг зохион байгуулж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга З.Төмөртөмөө багийн ахлагчдыг хүлээн авч уулзан, наадмын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Багийн ахлагчдын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр спортын төрөл, барилга байгууламж, бүртгэл, байрлах зочид буудал, сайн дурын ажилтнууд, тээвэр, аюулгүй байдал, хоол хүнсний талаар мэдээлэл өгч байна. Харин маргааш нээлт, хаалтын ёслол, допингийн шинжилгээ, тасалбарын борлуулалт, соёлын хөтөлбөрийн талаар танилцуулах юм.

Зүүн Азийн залуучуудын II наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 11 төрлөөр зохион байгуулагдана. Наадмын хөтөлбөрт 3х3 болон 5х5 сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол, бадминтон, ширээний теннис, электрон спорт, таеквондо, хөнгөн атлетик, жүдо бөх, чөлөөт бөх, боксын спорт багтаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *