Нийслэлийн хүндэт тэмдгээр Японы Анан хотын дарга Омотэхара Тацүмаг шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Япон Улсын Анан хотын цаашдын найрсаг харилцааны талаар санал солилцсон юм.
Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ нь Токүшима мужийн Анан хотын захирагч Омотэхара Тацүма, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болон тийболын мэргэжлийн сургагч багш нарын хамтаар Монгол Улсад хүрэлцэн ирээд буй. Монголд ажиллах хугацаандаа тус төлөөлөгчид нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд тийболын сургагч багш бэлтгэх онол, практикийн сургалт явуулахаас гадна тус спортын иж бүрэн 35 хэрэглэлийг хандивлахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Япон Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойш талуудын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буй. Анан хот нь Улаанбаатар дахь бейсболын талбайг барьж, тус спортыг Улаанбаатар хотод хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд бид талархаж явдаг. Энэ удаа нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нарт тийболын спортын онол, практикийн сургалт явуулж, иж бүрэн тоноглол хандивлаж байгаад талархал илэрхийлье. Хоёр улсын харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг бид цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахыг эрмэлзэж буй бөгөөд боломжит нөөц бололцоогоо дайчлан хамтран ажиллахад бэлэн гэдгээ уламжилъя” хэмээлээ.
Түүнчлэн Улаанбаатар болон Анан хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, үнэтэй хувь нэмэр оруулсан Анан хотын дарга Омотэхара Тацүмаг Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнав.
Монгол болон Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн жил тохиосон бөгөөд Улаанбаатар хот нь тус улсын Саппоро, Мияконожо хоттой 1999 онд найрсаг харилцаа тогтоосон билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС