Э.Бат-Амгалан: Миний туслахаас халдвар илэрсэн нь үнэн
Олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн С.Чинзориг болон Э.Бат-Амгалан нарын туслахаас коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тайлбар өгчээ.
Тэрбээр “Манай ажлын алба нийт 5 алба хаагчтай бөгөөд 1 зөвлөх, 1 туслах, 3 бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид Коронавирус цар тахлын эсрэг “Далайд дусал нэмэр” аяныг санаачилж 100 гаруй ААН, иргэдийн 110 сая төгрөг, шаардлагатай хүнсний багц, амны хаалт зэргийг дүүргийнхээ 20.000 өрхөд түгээгээд байна. Үүнтэй холбоотойгоор манай Ажлын албаны залуучууд цаг тухай бүрд нь шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд энэ их хичээл зүтгэлийн хажуугаар нэг туслахаас маань коронавирусийн эерэг тохиолдол илэрлээ.
Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цаашид цахимаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд Улсын Их Хурлын чуулган, холбогдох байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна.Өнөөдөр л гэхэд Монгол Улсад шинээр 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаажуулалтад хамрагдаж ковидгүй зуны төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэжээ.