“Оюутолгой”-оос халагдсан нутгийн иргэд чинь ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХДАА тулаад байна, Р.Сэддорж дарга аа!
“Хүний эрхийн дуу хоолой” уриатай ivoice.mn сайт Оюутолгой төслийн Ил уурхайн Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлстийн 22 ажилтныг нэгэн зэрэг ажлаас халсан асуудлыг хөндсөн билээ.
Өнгөрсөн хугацаанд ажлаас халагдсан Өмнөговь аймгийн иргэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Наранбаатар, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт хандан ажилд нь эргүүлэн томилуулахад анхаарч өгөхийг хүссэн ч тусыг эс олжээ.
Уг нь Оюутолгой компани 2015 онд Өмнөговь аймагтай “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ” үзэглэж, урт хугацаанд нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангахаар тусгажээ. Тодруулбал уурхайн нөлөөллийн бүс болох Даланзадгад, Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдад дэмжлэг үзүүлэх, бизнесийн үр өгөөжийг тэгш хүртээх зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраар зуучлуулан 30 иргэнийг ажилд авчээ.
Гэвч дээрх түншлэгч сумдын 22 иргэн нэг л өдөр бүгд ажилгүй болоод байгаа юм. 2033 он хүртэл хэрэгжих Хамтын ажиллагааны гэрээний хавсралт 8-д “ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОНО” гэсэн ч үнэндээ нутгийн иргэдийн ажлын байрыг үгүй хийн бусниулж байгаад бухимдаж байгаагаа илэрхийллээ.
Тиймээс өчигдөр /2021.04.06/ аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хугацаатай шаардлага хүргүүлсэн байна.Бид энэ асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоос тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.
Оюутолгой ХХК, Өмнөговь аймаг хооронд байгуулсан 2033 он хүртэл хэрэгжих Хамтын ажиллагааны гэрээгээ хэрэгжүүлэхийг шаардаж, орон нутгийн иргэдийнхээ эрх ашгийн төлөө дуугарах үүрэг нь одоогийн Засаг дарга Р.Сэддоржид бий.
Хэрэв Засаг дарга Р.Сэддорж шаардлагын хариуг өнөөдөр /2021.04.07/ 17:00 цагаас өмнө өгөхгүй бол хоногийн хоолоо залгуулах аргагүй болсон иргэд нэгдэн тэмцлийн хурц хэлбэр өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Өмнө нь нийтлэгдсэн мэдээллийг эндээс уншина уу. https://ivoice.mn/?p=5111
One Comment