Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал, долоодугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж буй тул Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж байна. Мөн Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Хөгшин Орхон зэрэг гол үерийн түвшинг 15-40 см, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж гол үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж буй.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байж,  эрэг хөвөөнд бууж сууршихгүй байхыг сануулж байна. Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Өнөө шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *