Н.Мандуул ШӨХТГ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Шадар сайд С.Амарсайханд гаргажээ.
Тэрбээр өмнө нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар сар гаруйн өмнө ШӨХТГ-ын даргын албан тушаалд томилогдсон ч дахин ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Тэрбээр, Миний бие ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийлээ. Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлээ. Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа болно.
Иймд миний бие цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байх тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.