ЭЕРЭГ: Солонгос улсын Мирал зүрхний сан зүрхний өвчтэй 300 Монгол хүүхдэд амьдрал бэлэглэжээ
Өмнөд Солонгос улсын Мирал зүрхний сан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний цоорхой болон зүрхний бусад өвчлөлтэй хүүхдүүдэд амьдрал бэлэглээд өдгөө 19 жил болж байна.
Олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг тус сангийн тусламжтайгаар Монгол Улсаас 300 орчим Монгол хүүхэд зүрхний хагалгаанд оржээ. 2003 оноос хойш 19 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сангийн тэргүүн И Жон Жэ болон бусад албаны хүмүүсийнхээ хамтаар Монгол Улсад хүрэлцэн ирж хагалгаанд орсон хүүхэд, тэдний эцэг, эх асран хамгаалагчидтай баяраа тэмдэглэж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд 21 аймаг, есөн дүүргийн 200 гаруй хүүхэд оролцож байна.
Энэ үеэр Мирал зүрхний сангийн тэргүүн И Жон Жэ “Мирал зүрхний сан нь 36 жилийн турш 24 орны 4400 гаруй хүүхдэд зүрхний хагалгааг хийж шинэ амьдралыг бэлэглэсэн байна. Мирал сан болон Монгол орны хамтын ажиллагааны түүхийг дурьдвал 2004 онд зүрхний өвчтэй Хонгорзул охиныг Солонгост мэс засалд урьж оруулснаар эхэлсэн. Үүнээс хойш жил бүр зүрхний өвчтэй хүүхдүүдийг мэс засалд оруулаад зогсохгүй үнэгүй үзлэг хийж, гэрээр эргэж, сургалтын тэтгэлэг өгч байгаа бөгөөд Солонгост мэс засалд орсон хүүхдийн тоо 295-д хүрээд байна.Ийнхүү зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдтэй уулзсан 19 жилийн хугацаанд 295 хүүхдэд мэс засал хийхэд олон хүний хайр, хүч, хөдөлмөр орсон юм. Хүүхдүүд маань 20-30 жилийн дараа хагалгаа хийж өгсөн эмч, сувилагч нарынхаа итгэлийг алдалгүй чадварлаг боловсон хүчин болно гэдэгт итгэж байна.Мэс засалд орсон хүүхдүүд маань үргэлж миний төрсөн хүү, охин болж хамт байх болно” гэв.
Мөн энэ үеэр тус сангийн тэргүүн И Жон Жэ-г Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Энэрэнгүй үйлстэн цол одонгоор шагналаа.