1018 хэрэглэгчийг цахилгаанд холболоо
Нийслэлийн онцгой комиссоос үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Үерийн нөхцөл үүссэнээс хойш буюу долоодугаар сарын 5-наас хойш эрсдэлийг бууруулах, нөхцөл байдлыг тогтворжуулахад давхардсан тоогоор 12,158 хүн тасралтгүй ажиллаж байна. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 1,993 ажилтан, алба хаагч 366 техниктэй үүрэг гүйцэтгэж буй.
Үерийн улмаас 144 барилга байгууламжийн зоорийн давхар усанд автсан. Одоогоор 79 орон сууцны барилгын усыг соруулж дууссан бөгөөд хатаах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 65 байрны усыг соруулж байгаа.
Зарим барилгын дороос хөрсний ус нэвчиж байгаа тул ус соруулах ажил удааширч, хүндрэл гарлаа. Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж гарч эхэлсэн. Энэ талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна.
Мөн өчигдрөөс цэвэрлэгээ эхэлж, талбайг ариутгах ажлыг өнөөдрөөс эрчимжүүлсэн. Нийслэлийн Хот тохижилт болон хувийн хэвшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 16 байгууллагын 870 ажилчин, дотоодын цэргийн алба хаагч, СӨХ-ны ажилтан, сайн дурын иргэн 324 техниктэй ажиллан зургаан дүүргийн 25 байршлын лаг, шаврыг шуудайлан 13.2 сая ам метр нийтийн гудамж, зам талбайг цэвэрлэж, 5,236 тонн лаг, шаврыг зөөвөрлөөд байна.
Нарны зам, Их, Бага тойруу, Гандигийн гудамж, Денвер, “Баянмонгол”, Замын цагдаагийн газар, “Алтай” хотхон, Парисын гудамж, Дундгол зэрэг байршлын гудамж, зам, байрны 501,000 ам метр талбайд мананцар үүсгэгч таван автомашин, хувийн хэвшлийн таван ариутгалын машинаар ариутгал хийлээ. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байгаа бөгөөд Туул голын үерийн даланг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, ус хальсан байршлуудад 1,260 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэлээ.
Өнөөдрийн 20 цагийн байдлаар Туул голын усны түвшин 220 см болж буурсан.
Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүллээ. Өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат ТӨХХК орчмын эрсдэлтэй байршлаас 68 өрхийн 219 иргэнийг аварсан байна.
Хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1,113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 630 дэд өртөөний 32,842 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн. Өнөөдөр 20 орон сууцны байр, 11 аж ахуйн нэгжийн 1018 хэрэглэгчийг цахилгаанд холболоо. Одоо 32 дэд өртөөний 6,249 хэрэглэгч хүчдэлгүй байгааг холбохоор ажиллаж байна. Цахилгаанд холбохын тулд аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай хэмээлээ.