Э.Улаанхүү: Төрийн наадамдаа айрагдсан болохоор хэл ам хийхгүй ч сайд байсан хүний үрээг түрүүлсэн гэж өөрчилснийг ойлгохгүй байна
Шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлж явсан ч морь бариач хаасны улмаас Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн аман хүзүүдсэн нь ихээхэн маргаан дагуулаад буй.
Энэ талаар уяач Э.Улаанхүү “Хар үрээ түрүүлж орж ирж байхад морь бариач хааж зогссон нь асуудал үүсгээд байх шиг. Бид нар хэл ам хийгээгүй ээ. Энэ жил ганцхан үрээтэй ирсэн. Монгол төрийн наадамдаа хэнтэй заргалдах вэ дээ. Угаасаа дийлэхгүйгээс хойш.Учир явдлыг ойлгохгүй л байна. Миний хар үрээ хөтлөөд орж ирсэн. Морь бариач өмнө нь тулчхаад хэрж зогсоод байсан. 14 км уралдаад ирсэн адууг хэрж зогсохоор нялх амьтан айна. Үүнээс болоод асуудал үүссэн. Түрүүлсэн гэж бодсон чинь аман хүзүүдсэн байна. Үүнд гомдоллоод байх зүйл алга.Хүн бүр над руу яриад “Үрээ түрүүлсэнд баяр хүргэе” гэж ярьж байна. Түрүүлсэн гэж зарласан болохоор сонин л байна. Төрийн наадамдаа айрагдсан болохоор хэл ам хийхгүй ч сайд байсан хүний үрээг түрүүлсэн гэж байгааг ойлгохгүй байна” гэв.
Тэрбээр анх удаа төрийн наадамд оролцож байгаа нь энэ юм. Мөн хар үрээний тухайд энэ жилээс л уралдаж эхэлж байгаа хүлэг аж.