МҮБХ: Бөхийн барилдааны дүрмийн өөрчлөлтөөр Засгийн газарт хандана
Наадамчин олныг талцуулсан үйл явдал энэ жил үндэсний бөхийн барилдааны явцад үүссэн. Тодруулбал, энэ сарын 5-нд Засгийн газрын баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлттэй холбоотойгоор иргэд талцаад буй. Бөхчүүд ч дээрх дүрмийн өөрчлөлт нь зүйд нийцэхгүй бөгөөд үндэсний бөхийн барилдаанд нэг нь давж, нөгөө нь өвдөг шороодож байж барилдаан утга учир, үнэ цэнтэй болдогийг онцолсон. Гэвч энэ удаагийн үндэсний их баяр наадмын барилдаан шинэчлэгдсэн дүрмээр явагдсан билээ. Ингэснээр Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай цагийн хугацаанд барилдаж, хэн нь ч даваагүй учраас Хөлийн цэцийн шийдвэр гарч барилдааны үндсэн цаг дууссан тул дүрмийн дагуу хөлийн цэцээс улсын даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэх үндэслэлээр санал нэгтэй давсанд тооцсон юм. Энэ нь үзэгч олны шүүмжийг дагуулаад буй.
Тэгвэл олон нийтийг талцуулаад буй уг асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо Засгийн газарт хандана гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэв.
Тодруулбал, тэрбээр баяр наадмын дараа хэлсэн тайлбартаа “Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан.
Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл.
Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана” гэсэн юм.
ЭНЭ САРЫН 5-НД БАТАЛСАН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТ
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 05-ны /2023.07.05/ хуралдаанаар баталсан. Ингэснээр:
Тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд орсон юм.
* Барьцгүй барилдаан – 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.).
* Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
* Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
* Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-тэй МҮБХ-ны албан ёсны Mongolbukh.mn сайтаас бүрэн эхээр нь танилцах боломжтой.