Наадмын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 15 иргэн амиа алджээ

Улсын хэмжээнд долдугаар сарын 9-15-нд зам, тээврийн ослын шинжтэй 972 дуудлага, мэдээлэл, зам, тээврийн осол 408 бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 15 иргэн алдаж, 70 хүн гэмтсэн болохыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.

Тухайлбал:

Нийслэлд зам, тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, долоон хүүхэд зам тээврийн осолд өртсөн.

Орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна.

Энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 513, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.

Харин эрэн сурвалжлагдаж байсан 11 хүн, эд зүйлийг олж тогтоон, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хоёр үйлдлийг таслан зогсоожээ.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын голлох шалтгаан:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,

Тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйн улмаас онхолдох,

Аюултай нөхцөлд буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт /Өгсүүр, эргэлт, өөдөөс автомашинтай үед болон явж байгаа чиглэлд гүйцэж түрүүлээд буцаад байр эзлэх боломжгүй цуварсан олон автомашинтай үед/ гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалын автомашинтай мөргөлдөх зэрэг орно.

Иймд цагдаагийн байгууллагаас улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа аж. Ингэхдээ хурд хэтрүүлэх, зорчигч, жолооч нарын хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *