ОБЕГ: Гэр шатсан гурван дуудлага өчигдөр бүртгэгджээ
Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө гал түймэр, ослын хэд хэдэн дуудлага иржээ. Тухайлбал,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Толгойт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун зүгт 23 км-т/ долдугаар 17-ны өдрийн 05:00 цагт амбаар шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Х-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай байсан таван ханатай гэр шатсан тухай мэдээллийг Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нарлаг”-ын 21 дүгээр гудамжинд Гэр шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 17-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн таван ханатай гэр бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Хилчин”-ий 110 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 18-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй таван ханатай гэр бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.