ЭЕРЭГ: “Найрамдал-2” зуслан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд сүндэрлэнэ
Бидний сайн мэдэх Найрамдал олон улсын зуслан байгуулагдаад хэдийнэ 45 жил болжээ. Түүх сөхвөл, 1978 оны долдугаар сарын 19-нд Баянгол дахь Олон улсын пионерийн Найрамдал зуслангийн зуны ээлжийн барилга ашиглалтад орж, анхны амрагч хүүхдүүдээ хүлээн авч байлаа.
Хүүхэд бүрийн очиж амрахыг хүсдэг тус зуслан 45 жилийн ойгоо угтан томоохон хэмжээний иж бүрэн засвар, шинэчлэлийг хийжээ. Тухайлбал, өрөө бүрт шүршүүр байрлуулж, өрөөний тохижилтийг амрагч хүүхдүүдэд хамгийн тухтай байхаар өөрчлөхийн сацуу бүх төрлийн спортоор хичээллэх боломжтой спортын төвийг барьж байгаа аж.
Нэг талдаа хүүхдүүд бэлтгэлээ хийх, нөгөө талдаа хүүхдүүд сонирхсон спортоороо хичээллэх боломжтой спортын төв ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох юм. Ингэснээр “Найрамдал” зуслангаас олон олон олимп, дэлхийн аваргууд төрнө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа тус зуслангийн амрагч холимог тулааны тамирчин “Ангууч” буюу Б.Баттөр онцолж байв. Тэрбээр хүүхэд байхдаа “Найрамдал” зусланд зун бүр амардаг байжээ.
Үүнээс гадна “Найрамдал-2” зуслан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд сүндэрлэхээр төсөв, санхүүжилт бүх зүйл бүгд бэлэн болсон гэдгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа тодотгосон юм. Тодруулбал, Хөвсгөл далайн эрэг дээр тун удахгүй 1000 хүүхэд хүлээн авах багтаамжтай “Найрамдал-2” зуслан нээлтээ хийхээр болсон сайхан мэдээтэйгээр “Найрамдал” цогцолбор 45 жилийн ойгоо угтаж байна.
Өнгөрсөн хугацаанд “Найрамдал” зуслан хүүхдүүдийн нөхөрлөл, эв нэгдлийг эрхэмлэж, эрдэм мэдлэг, сайн туршлагаа түгээх манлайлагчдыг дэмжин хөгжүүлж Хүүхдийн Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэгдэх болсон билээ.
Ийн Олон улсын пионерийн Найрамдал зуслангаас Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор хүртэлх 45 жилийн түүхэн хугацаанд нийт 70 орны 13 мянга гаруй ,монгол орны өнцөг булан бүрээс нэг сая орчим хүүхдийг хүлээн авч амраан нийгэм, соёлын цогц үйлчилгээ үзүүлжээ.
Хөвсгөл аймгиин эрэг дээр гэж ?????