|

Эмээлтэд байрлах “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгажээ

Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгажээ.

Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж байжээ.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон байна.

Улмаар тус компанийн битүүмжилсэн үхрийн мах 11.9 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.5 тонн, нийт 15.3 тонн махыг устгуулах шийдвэр гарчээ.

Тус шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсгүүд хамтран Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт долдугаар сарын 20-ны өдөр нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгуулж ажиллажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *