Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийн талаарх товч мэдээллийг хүргэе.
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Олон улсын авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан гадаад улс орны үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагын шууд болон дамжуулан худалдан авалт хийх журам, энэ харилцааг зохион байгуулах бүтцийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгалаа.