ОХУ: Төрийн Дум цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 30 болгох хуулийн төслийг баталжээ
ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум мягмар гарагт гурав дахь хэлэлцүүлгээрээ хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 27-гоос 30 болгох тухай хуулийн төслийг баталлаа.
Хуулийн төсөл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд цэрэгт татагдах насны доод хязгаарыг 18 хэвээр үлдээжээ.
Төрийн Думын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Андрей Картаполовын хэлснээр, энэ онд 27 нас хүрэх иргэн цэргийн нөөц болох бөгөөд 2024 онд цэрэгт татагдахгүй байна.
Картаполовын нэгдүгээр орлогч, хурандаа Андрей Красов цэрэгт татагдах насны хязгаарыг өөрчилсөн шалтгааныг тайлбарлахдаа, уг хуулийн төсөл нь “дайчилгааны нөөцийн хэмжээг өөрчлөх” зорилготой гэж тэмдэглэжээ.
Үүнээс гадна, нэмэлт өөрчлөлтөд цэргийн албанаас зайлсхийсэн тохиолдолд 30 мянга хүртэл рублийн торгууль ногдуулахаар тусгасан байна.