Б.Сайнзаяа: Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 93 үл хөдлөхөөс 22 хөрөнгийг худалдан борлуулсан
Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлээ шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулахаар ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн газрын захирал Б.Сайнзаяагаас тодрууллаа.
–Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулах ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1 үйлчилгээний талбай, 7 орон сууц, 14 авто зогсоол нийт 22 үл хөдлөх хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулаад байна.
–Үлдсэн үл хөдлөх хөрөнгүүдээс худалдан авах саналаа өгөх нээлттэй хэвээр байгаа юу, хэзээг хүртэл үргэлжлэх вэ?
-Нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс 22 хөрөнгийг худалдан борлуулсан бөгөөд үлдсэн 71 үл хөдлөх хөрөнгийг зарагдах хүртэл сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналыг хүлээн авч байна. Хөгжлийн банкнаас эргэн тантай холбогдон ажиллах болно.
–Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цахимаар санал өгөхдөө ихэвчлэн ямар алдаа гаргаж байна вэ? Түгээмэл гаргаж байгаа алдаан дээр зөвлөмж мэдээлэл өгөхгүй юу?
-Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь Хөгжлийн банкнаас гаргасан цахимаар санал өгөх зааврын дагуу санал илгээх бөгөөд тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох мөн 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтын хамт системд хавсаргаж оруулах шаардлагатай.
–Худалдан авахаар сонирхож буй орон сууц, үйлчилгээний төв зэргийг очиж үзэж болох уу?
-Хүсэлт гаргагч нь сонирхож буй үл хөдлөх хөрөнгийг 8502-0513 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.
–Үнэ ханшийг хэрхэн тогтоосон бэ? зах зээлийн үнээс доогуур байх уу, ижил түвшинд байх уу?
-Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж авсан үнэ дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдан борлуулах үнийг тогтоосон. Бидний зүгээс зах зээлийн үнээс доогуур үнэтэй гэж үзэж байна.
–Иргэдэд ипотекийн зээлээр олгох боломжтой юу? Энэ талаар иргэд их асуудаг.
– Иргэд бусад арилжааны банкаар орон сууцны зээл судлуулан авах нь нээлттэй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгөд худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь арилжааны банкны хөнгөлөлттэй зээл болон ипотекийн зээлд хамрагдаж болно. Хөгжлийн банкнаас урьдчилгаа төлбөрийг байршуулж хүсэлт гаргагчийн саналыг баталгаажуулсан тохиолдолд хуанлийн 30 хоногт зээл судлуулах хугацаа өгч, Хөгжлийн банкнаас шаардлагатай баримт бичгийг тухай бүр зээл судлуулж буй арилжааны банканд гаргаж өгч ажиллаж байна.
–Дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудын хувьд ямар хөрөнгүүдийг худалдан борлуулахаар байгаа вэ?
-Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 1 блок авто зогсоолын зориулалттай 35-80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд бий. Сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга, угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нээлттэй бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудас үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэснээс авч болно.